“Оюу Толгой” ХХК-тай “Нэг зуун сая мод” хөтөлбөрийг хэрэгжүүлэх тухай харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа

Ангилал-

Дэд ангилал

"админ"
2023.01.154
✅Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг дэмжин “Оюу толгой” компани зуун сая мод тарьж, ургуулах үүрэг, амлалт авсан. Уг амлалтаа “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний стратеги болон Монгол Улсын Засгийн газрын мөрийн хөтөлбөртэй уялдуулан хэрэгжүүлэх, ингэхдээ төр, хувийн хэвшлийн түншлэлийг бий болгох, орон нутгийн засаг захиргаа болон иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, талууд шаардлагатай дэмжлэг, туслалцааг цаг тухайд нь авах, үзүүлэх зорилгоор БОАЖЯ, Ойн газар, “Оюу Толгой”ХХК хамтран ажиллах юм. 
 
✅Зуун сая мод тарьж, ургуулах амлалтаа хэрэгжүүлэхдээ “Оюу толгой” компанийн зүгээс дараах үндсэн зарчмуудыг баримталж байна.
• Зөв газар, зөв модыг зөв зорилгоор тарьж, ургуулах
• Монгол орны ойн салбарын ирээдүйн хөгжилд бодит хувь нэмэр оруулах,
• Урт хугацаанд үр өгөөжтэй, тогтвортой үргэлжлэх,
• Талуудын оролцоог хангах зэрэг болно.
 
✅“Оюу толгой” компани зуун сая мод хөтөлбөрийг 60:40 гэсэн харьцаагаар буюу 60 сая мод тарьж ургуулах, 40 сая модтой дүйцэх ойн салбарын хөгжлийг дэмжих, үндэсний чадавхыг нэмэгдүүлэх үйл ажиллагаануудыг хэрэгжүүлэхээр харилцан тохиролцов.
 
✅Үүнд: 
Үндэсний стратегийн зорилт тус бүртэй уялдсан мод тарих, ойжуулах ажлуудыг дараах байдлаар төлөвлөсөн.
• Ойн хомсдол, доройтлыг бууруулан, ойгоор бүрхэгдсэн талбайг нэмэгдүүлэх чиглэлээр Монгол орны сэрүүн бүсийн ойд 16,000 га орчим талбайг ойжуулах
• Цөлжилт, газрын доройтлыг бууруулах чиглэлээр говь цөлийн бүсэд 2,600 га-д загийн ойг нөхөн сэргээх
• Агро-ойн зурвас, жимсний аж ахуйг хөгжүүлэх чиглэлд 160 га талбай бүхий жимсний аж ахуй, агро-ойн зурвас байгуулах
• Монгол орны томоохон голуудын татмыг ойжуулах замаар урсцыг хамгаалах, нэмэгдүүлэх чиглэлээр 1,280 га талбайд бургас тариж ургуулах
• Агаар, ус, хөрсний бохирдлыг бууруулж иргэдэд эрүүл, ээлтэй амьдрах орчныг бий болгох чиглэлээр 200 га талбайд ногоон байгууламж, цэцэрлэгт хүрээлэн байгуулах
• Авто замын дагуу хамгаалалтын ойн зурвас байгуулах чиглэлд нийтдэ 360 га талбайд хамгаалалтын зурвас байгуулах
• Сэрүүн бүсийн ойн сан бүхий газарт хариуцлагагүй уул, уурхайн нөлөөгөөр эвдэрч, эзэнгүй орхигдсон газрыг нөхөн сэргээж, ойжуулах ажлыг 500 га талбайд хийнэ.
Үүний зэрэгцээ 40 сая модтой дүйцэх үйл ажиллагааг дараах байдлаар хийж, гүйцэтгэх юм.
• Орон нутгийн иргэдэд түшиглэсэн мод үржүүлгийн газруудыг шинээр барьж байгуулах, ургуулсан тарьц суулгацыг нь худалдан авч ойжуулалт хийх замаар орон нутгийн иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, амьжиргааг дэмжих
• Үйл ажиллагаа явуулж буй мод үржүүлгийн газрын техник, тоног төхөөрөмжийг сайжруулах дэмжлэг үзүүлэх замаар тарьц, суулгац ургуулах тоо хэмжээ буюу жилийн хүчин чадлыг нэмэгдүүлэх
• Ойн салбарын чадварлаг мэргэжилтэн, мэргэжлийн ажилтан бэлтгэх чиглэлээр сургалтын хөтөлбөр хэрэгжүүлэх, туршлага судлах аялал зохион байгуулах, танхимын болон талбайн сургалтууд зохион байгуулах
• Ойжуулах, ойг нөхөн сэргээх, цөлжилтийг сааруулах чиглэлээр судалгаа хөгжүүлэлт (R&D and innovation), туршилтууд хийх юм.